Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ын төсөл,  Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016 төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн дүнд

Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн тал дээр хогны төлбөрийг нэмэгдүүлэх, ам бүлийн тоогоор төлбөр хураах тогтолцоонд шилжүүлэн хог хаягдлын талаарх иргэдийн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулах, хог ангилан ялгах, боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай ашиглалтанд оруулах, нэмж барих саналын иргэдийн зүгээс тавьж хөтөлбөрийн төслийг дэмжиж саналуудыг хэлж байлаа.
Мөн гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар гудамжаар нь загварчилж ижил загвар хэмжээтэй болгох, байрлуулахыг хориглосон гудамж зам талбай барилга байгууламжийн жагсаалтыг батлуулахыг зүйтэй, иргэдийн танхимаар хэлэлцүүлж санал авч байгааг дэмжиж байв.
Хөтөлбөр болон журам батлагдан гарсны дараа зоригтой хэрэгжүүлж ажиллахыг хүсч, сануулж байлаа.
1-р асуудал:

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн танилцуулга

    Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж ахуйгаас болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, тээвэрлэх, түүнийг ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа өнөөгийн шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.
    Хөтөлбөрт хог хаягдлын хууль эрх зүйн орчинг сайжруулах, удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хог цуглуулах, ачих, тээвэрлэх үйл ажиллагаа болон хог хаягдлыг ангилан ялгах хэлбэрт иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шилжүүлэх, хэвшүүлэх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хог хаягдал боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, хог тээврийн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болон санхүүжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбоотой асуудлуудыг тусгав.
    Хөтөлбөрт тусгагдсан үндсэн бүлэг сэдвүүд:
  1. Үндэслэл
  2. Баримтлах зарчим
  3. Үндсэн зорилго
  4. Зорилт
  5. Стратеги
  6. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, үе шат
  7. Улаанбаатар хотын хог хаягдлын урсгалын төлөвлөлт
  8. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
  9. Оролцогч талууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
  10. Хяналтын тогтолцоо, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд
  11. Эрсдэлийн удирдлага
  12. Хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө, шаардагдах хөрөнгө оруулалт(2013- 2016 он)
    Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд 27 нэр бүхий ажлыг шаардагдах хөрөнгө, хугацаа, хариуцах эзэнтэй нь тодорхой тусгаж оруулав. 
 
Хөтөлбөрийн хүрээнд 2013 онд:
 
  • Гэр хороодод хяналтын камер байрлуулах
  • Нарангийн энгэр, Цагаан давааны  хогийн төвлөрсөн цэгийг түшиглэн барилгын хог боловсруулах үйлдвэр байгуулах
  • Ашиглалтаас гарсан автомашин, электрон, цахилгаан барааны цех байгуулах
  • Малын сэг зэм, малын гаралтай хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын тогтолцоог боловсронгуй болгож зориулалтын төвлөрсөн цэгийг эмээлтэд байгуулах
  • Алслагдсан хороо, дүүрэгт хогийн төвлөрсөн цэг байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэнэ.
2-р асуудал:
Гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулахдаа 2006 онд НИТХ-аас батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэлээлийн байгууламж байрлуулахад байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг мөрдөн ажиллаж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2180 ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байрлаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мөрдөгдөж байгаа  хууль, журмын хэрэгжилтийг хангуулан хяналт тавин ажиллаж байна
1995 онд анх Захирагчийн ажлын алба байгуулагдахад гадна реклам мэдээллийн байгууламж хариуцсан 1 мэргэжилтэнтэй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ердөө 20 ширхэг реклам мэдээллийн байгууламж байлаа. Гэтэл өнөөдөр Захирагчийн ажлын албанд хариуцсан 1 мэргэжилтэн хэвээр гадна реклам мэдээллийн байгууламжийн тоо 2180-д хүрсэн байна.
Жил ирэх тусам үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн тоо өсөхийн хэрээр гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах сонирхол ихсэх боллоо.
2006 оны журмаар гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг 37 дахин өсгөж нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Эхэндээ гадна зар сурталчилгааны байгууламжийн тоо цөөрөх хандлагатай байсан боловч 2008 оноос эргээд хэвийн байдалдаа орсон. Энэ нь улс эх орны эдийн засгийн хөгжил нэмэгдэж байгууллага аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадамж дээшилсэнтэй холбоотой.
Энэхүү журманд Нийслэл Улаанбаатар хотын аль гудамж зам талбайд гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулж болохгүйг зааж өгөөгүй, тухайн гудамжинд ямар хэмжээтэй хэдэн ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байх ёстойг нарийвчлан тогтоож өгөөгүй, гадна реклам, мэдээллийн байгууламжаас авах хураамж өндөр биш байгаа зэрэг нь өнөөдрийн хотын өнгө үзэмжийг гундуулаад байгаа янз бүрийн хэлбэр хэмжээтэй гадна рекламын байгууламж бий болох нөхцлийг бүрдүүлж байна. 
Иймд энэхүү журмыг боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлт оруулан гадна рекламын байгууламжийн өнөөгийн дүр төрхийг хот төлөвлөлт, хотын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргах шаардлага гарч байна.