И.Баасанжав: Цахим сум хөтөлбөр боловсруулж анх удаа дүрэмтэй болно.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга И.БаасанжавОрхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжавтай ярилцлаа. Тэрээр хэвлэл  мэдээллийн салбарт ажиллаж байгаад төрийн ажилд томилогдоод сар гаруй болж байгаа аж.
-Монголын хамгийн том сум, олон хүн амтай гэдгээрээ танай сум онц­лог. Орон нутгийн хөгж­лийн сангийн хөрөнгө ч их болсон. Тэгэхээр шинэ Засаг даргад ажиллах боломж илүү байгаа биз дээ?
-Баян-Өндөр сум хүн амын нягтрал, санхүүгийн хүчин чадлын хувьд ч хамгийн том сум гэдгээрэ онцлог. Гэхдээ маш бага газар нутагтай. Би ажлаа аваад сар гаруй болж бай­на. Сумын ажлыг шинэ шатанд гаргахыг зорьж ажлаа эхэллээ. Шинэч­лэлийн Засгийн газрын бодлогод эрх мэдлийг сум, баг руу шилжүүлэхээр тус­гасан. Үүнийг би  аж­лынхаа удирдлага бол­гохыг зорьж байгаа. Өн­гөрсөн амрал­тын өдрүүдэд 10 мянган саналын хуудас хэвлэж иргэдийн дунд санал асуулга явууллаа. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Баян-Өндөрт  хийх эн тэргүүний ажил юу байх вэ гэд­гийг иргэдээсээ асуулаа. Бүх багийнхаа иргэдээс санал авсан. Өмнө нь сум, аймгийн төсвийн хуваа­рилалт дээрээсээ доош явдаг байсан бол одоо доороосоо дээш явна. Иргэд ч идэвхтэй оролцох болно. Тэд өөрийнхөө амь­дар­даг орчныг сайж­руулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, сургууль, цэцэрлэг, орон сууц гээд тулгамдсан бү­хий л асууд­лаа саналын хуудсаар идэр­­хийлсэн. Мөн асууд­лыг шийдэх боломжтой саналаа ч өгсөн. Бид иргэ­дийнхээ саналыг нэгтгэн баг бүрээр эрэмбэлэн гар­гаж хамгийн олон сана­лыг нэг, хоёрдугаарт жаг­саа­лаа. Одоо энэ асуудлаа орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр яаж хийх талаар ажиллаж байна. Үүнийгээ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Хэвлэл мэдээ­ллийн салбарт ажиллаж байсны хувьд иргэд, орон нутгийн удирд­лагууд, төрийн бай­гууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал бодлыг дарга нар хүлээн авч богино хуга­цаанд шуурхай шийдвэр­лэдэг байх, хууль тогтоом­жийг иргэдэд ойлгомжтой тодорхой  тайлбарлаж өг­дөг туслагч нь байх тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Ингээд “Цахим сум” хөтөл­бөр хэрэгжүүлэхээр айм­гийнхаа удирдлагуудад танилцуулж байна.
-“Цахим сум” гэдэг нь ямар хөтөлбөр байх вэ. Товчхон танилцуулаач?
-Өөрийн гэсэн прог­рамчлалтай, иргэд саналаа баг тус бүр дээр тавихад хэдэн секундын дараа орон нутгийн удирдла­гуудад ирдэг, түүнийг нь хариуцсан дар­га, мэр­гэжилтэнд шийд­вэр­лүү­лэх үүрэг даалгавар өгдөг, шийдвэр нь тодорхой хугацааны дараа ирдэг байх ёстой. Энэ ажлыг хийхийн тулд “Цахим сум” хөтөлбөр хэрэгжүү­лэх юм. Иргэдийн санал яаж ирэх, нууцлал нь ямар байх гээд бүх зүйлийг хийж байгаа. Одоогоор сумын дүрэм гэж өмнө нь хаана ч байгаагүй зүйлийг хийж байна. Сум өөрийн гэсэн дүрэмтэй байх ёс­той. Монголд аюул осол­гүй, хамгийн түргэн шуур­хай ажилладдаг “МИАТ” ком­пани байдаг. Тус ком­пани өөрийн гэсэн дүрэм­тэй. Тэгэхээр төрийн бай­гуул­лагууд үүнийг  нэвт­рүүлэх ёстой. Сум дүрэмтэй бол­чихвол хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой болно. Төрийн мэдээлэл, тэр дундаа төсөвт санхүү­тэй холбоотой мэдээлэл ил тод байх ёстой. Тендерийн ажлыг ил тод болгоно. Сум хэдэн төгрөгтэй, түүний­хээ хэдийг нь өнөөдөр юунд зарцуулав, маргааш хэдэн төгрөгөөр юуг хэн хийх вэ гэдэг маш тодор­хой байна. Тухайлбал, хэдэн төгрөгийн тендерт ямар компани шалгарав, хэн оролцов гэдэг бүх мэдээлэл тодорхой байна. Тендерийн ажлыг он дамжин хийдэггүй маш шуурхай байлгах, томоо­хон ажлыг нэг компанид биш орон нутгийнхаа олон жижиг компаниар хийл­гэдэг байх юм. Тэгэхээр орон нутгийнхаа компа­ниу­дын  чадвар, санхүү­гийн чадавхийг сайжруу­лах хэрэгтэй болно. Үүнд орон нутгийн бизнес эрх­лэгчид, үйлдвэрлэгчдийг татан оролцуулах, ажил­гүй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй байгаа юм. Ту­хайн тендерт иргэд хяналт тавидаг болно. Тендерийн ажлын гүйцэтгэлийн яв­цад хяналт тавьдаг болно. Мөн нийтийн зар мэ­дээнийн журам гаргаж байна. Иргэд мэдээллээ яаж өгөх вэ, тэднээс мэдээллийг яаж авах, ямар хугацаатай байх вэ гэдэг шинэ журам боловсруулж байна. Манай аймаг олон сонин, телевиз, радиотой. Нийтэд зар мэдээ хүргэхэд хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллана.
-Энэ бүгдийг хийхэд нэлээд хөрөнгө хэрэгтэй нь мэдээж. Танай сум энэ жил хэдэн төгрөгийн төсөвтэй байгаа вэ. Таны санаж төлөвлөсөн ажлыг хийхэд хүрэлцээтэй мөнгө бий юү?
-Манай сумын орон нутаг хөгжүүлэх санд 2,6 тэрбум төгрөг энэ онд суусан. Үүнийг юун зар­цуу­лах вэ гэдгээ хянаж байна. Журам хараахан батлагдаагүй боловч эхний загвараа гаргаж, түүний­хээ дагуу ажиллаж байгаа. Манайх том хот доторх сум. Нэг бол хот, аймаг ч юм шиг. Сайн харвал сум гэсэн сонин хэлбэртэй. Тэгэхээр бид ажлаа сайн харж хийхгүй бол ажлын давхардал гарах магад­лалтай.
-Иргэдээс санал цуг­луулсан гэлээ. Нэг, хоёр­дугаарт ямар санал би­чигдсэн бэ. Танай сумын­ханд ямар асуудал илүү тулгамдаж байна вэ?
-Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Намын мө­рийн хөтөлбөрт аюулгүй орчинд иргэдээ ажилтай орлоготой байлгая, эрдэм боловсролтой, эрүүл чий­рэг амьдруулъя гэсэн та­ван багц зүйл тусгасан нь иргэдэд таалагдсан. Энэ дагуу саналууд ирж байна. Жишээ нь, мөнхийн сэдэв болсон орон сууц, орчин тойрны тохижилт, гэрэлтүүлэг, орц хонгил гэх мэт асуудал бий. Мөн төрийн бай­гууллагуудын ажлыг шуур­­хай, нээлттэй тунгалаг ил тод байлгах талаар олон санал ирсэн.
-Иргэдэд мэдээлэл хомс байгаагаас өөртөө хэрэгтэй зүйлээ олж авч чаддаггүй, эрхээ хамгаалж мэддэггүй гэдэг шүү дээ. Та хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан болохоор нээлттэй байд­лыг илүү чухалчилж байна уу. Та өмнө нь юу хийж байсан юм бэ?
-Би Радио телевизийн дээд сургуулийн анхны төгсөгч. Телевиз, радио­гийн найруулагч мэргэ­жилтэй. Сургуулиа төг­сөөд МҮОНРТ-д ажил­лаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн хэвлэл мэ­дээллийн албанд “Номин” телевизийн найруулагчаар ажилласан. Дараа нь хувийн телевиз байгуулан ажиллаж байсан. Хоёр удаа “Алтаншонхор” шагнал хүртэж байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлэлийн аж­лаас хөндийрч улс төрийн салбарт ажиллаж байна.
-Улс төрд орсон нь хоёр жил гэж үү. Эсвэл эртнээс нам, улс төрийн үйл хэрэгт оролцож байсан юм уу?
-Улс төрийн ажилд эртнээс оролцсон. Ер нь манай хэвлэлийнхэн али­ваа зүйлийг өөр өнцгөөс хардаг, арай өөр үзэл бо­долтой байдаг. Би оюутан байхдаа ардчиллыг дэмж­дэг байсан. Хэвлэлийн хүн болохоор сонгуулийн үеэр идэвхтэй ажилладаг байлаа. 2000 оны сонгуу­лиас хойш үзэл бодолдоо ойр улс төрийн хүчний ажилд идэвхтэй оролцсон юм.
-Хэвлэлийн хүн бо­лохоор орон нутгийнхаа ажил амьдралын сайн , мууг илүү мэдэх байх. Төрийн ажил танд хэр ойр байна?
-Их ойр байна. Теле­ви­зэд ажиллаж байхдаа аймгийнхаа болохоос болохгүй бүх зүйл рүү ордог байсан. Иргэдийн өмнөөс шийдвэрлүүлэх асуудлын төлөө их явдаг байсан. Одоо сумын Засаг дарга болохоор иргэ­дийн­хээ амьдралд илүү ойртож байна. Төрийн ажил дундаас дээд төвшинд бас л хаалттай байжээ. Ажил хийх боломж илүү харагдаж байна. Итгэл найдвар ч төрж байна. Орон нутгийн эрх мэдэл ч харьцангуй боломжтой боллоо. Ажил хийх хариуцлага асар их ирлээ.
-Засаг дарга мөрийн хөтөлбөртэй байдаг. Танай Тамгын газрын байран дотор болж буй бүх зүйл иргэдэд нээлттэй болно гэж ойлголоо.  Дөрвөн жилийн дараа гэхээс илүү яг нэг жилийн дараа Баян-Өндөр сум яаж өөрчлөгдсөн байх бол?
-Нэг жилийн дараа хоёр зүйлийг харж байна. Нэгдүгээрт, Эрдэнэт хотын зах хязгаарт байгаа иргэнд тулгамдаж байгаа асуудалд аймгийн удирд­ла­гууд хэрхэн хандаж яаж шийдэж байгаа нь мэ­дэгдэхүйц нэмэгдэнэ. Мөн иргэний танхим баг бүрт байгуулагдаж байгаа. Иргэд асуудалд өөрсдөө оролцдог болно. Хоёр­дугаарт, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийж болох ажил байсан гэдгийг харуулах ёстой. Иргэд боловсон ариун цэврийн өрөөтэй, халуун устай амьдарч болно гэдгийг жилийн дараа харуулах болно. Харин иргэдэд энэ бүг­дийг ойлгуулах нь хамгийн хэцүү ажил. Сэтгэлгээний хувьд асар их өөрчлөлт хэрэгтэй. Жи­лийн дараа иргэд маань үүнийг ойл­гоно гэж найдаж байгаа.
-Том үйлдвэр дагасан хотод ядуурал, ажилгүйдэл хэр байдаг юм бэ. Түүнийг яаж шийдэх боломж байна?
-Манай аймаг их онцлогтой. Үйлдвэрийн 5-6 мянган ажилчны цалин нэг өдөр буудаг. Нэлээд хэдэн тэрбум төгрөг нэг өдөр зах зээлд орж ирдэг. Тэгэхээр үнийн савлагаа мэдрэгддэг. Иймд “Эр­дэнэт” үйлдвэр, төсвийн байгууллагын ажилчдын худалдан авах чадварт ялгаа гарах нь бий. Ядуурал ч байгаа. Баруун аймгуудаас шилжин ирсэн иргэд олон байдаг. Ажил­гүйдэл ч өндөр. Иргэдээ ажилтай, орлоготой бол­гох, бүлэг хоршоо болон ажиллах боломжийг Орон нутгийг хөгжүүлэх сан­гаас бүрдүүлэх зорилго байгаа.

М.ГАНЦЭЦЭГ: Зууны мэдээ 2012.01.14 №10, 11(4325,4326) 12-р нүүр