Хан-Уул дүүргийн иргэд төсвөө өөрсдөө захирах эрхтэй боллоо.

Баг, хорооны хурал гэж Засаг даргаа сонгохоос өөр ажил бараг хийдэггүй, 20-30 хүний бүрэлдэхүүнтэй хурал болдог, иргэд нь түүнийг төдийлөн тоодоггүй байсан бол өнөөдрөөс байдал өөр болжээ. Иргэдийн нийтийн хуралд иргэн бүр оролцоод, өөрийн хороонд хувиарлагдсан төсвийн мөнгөөр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хуул эрх зүйн орчин бүрдсэн байна.
Хан-Уул дүүргийнхэн үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлж эхэлсэн талаараа Ардчилсан намын Сэтгүүлчидтэй уулзах цаг-4/11 уулзалтын үеэр танилцууллаа. Хан-Уул дүүргийн Ардчилсан нам дээр болсон уг уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, Нарийн бичгийн дарга О.Анхбаяр, Э.Батсуурь, О.Чулуунбилэг нар болон Хан-Уул дүүргийн Засаг дарга Ганхуяг, дүүргийн АН-ын дарга Д.Батбилэг нар оролцов.
Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн дөрвөн нэр дэвшигчийн 3 нь сонгогодож, намын жагсаалтаар хоёр нэр дэвшигч сонгогдсон. Мөн дүүргийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 29 нь Ардчилсан намаас сонгогдсон юм. Иймд тус дүүргийн ИТХ Шууд Ардчилал-ын хөгжүүлэн иргэдийн оролцоотой төсвийн менежмент хийхээр зорин ажиллаж байгаа юм байна.
Саяхан ИТХ дүүргийнхээ төсвийг баталж, хүн амын тоонд харилцуулан хорооддоо төсвөө хувиарилсан байна. Нийт 16 хороонд энэхүү хувиарилалтыг хийжээ. Тухайлбал 1-р хороо гэхэд 2304 өрхтэй, нийт хүн ам нь 8706 учраас 108 сая 900 мянган төгрөгийг өөрсдөө зарцуулах эрхтэй байгаа бол 1135 өрх, 3224 хүн амтай 14-р хороо 40 сая 500 мянган төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болсон байна.
Шууд ардчилал-иргэдийн оролцоог хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн төсвийг хороодод ийнхүү хувиарилсан нь манай улсын хэмжээнд анх удаа хийгдэж байгаа ажил. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хороо гэж оршин суугаа тодорхойлолт авдаг төдийхөн биш, оршин суугаа нутаг дэвсгэрээ иргэд өөрсдийн оролцоогоороо удирдах боломжийг олгох үйлчилгээний цэг болж хувирах нөхцөл бүрдэж байна. Иргэд одоо хороодынхоо нийгмийн ажилтнаар дамжуулан иргэдийн нийтийн хуралдаа идэвхтэй оролцож, хороондоо хувиарилагдсан төсвөө захиран зарцуулах үлдлээ.