Шууд ардчиллын дүнд Монголд авлига буурчээ

Их тэнгэр цогцолборт өнөөдөр Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танилцуулах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтөлбөр танилцуулах ёслолын эхэнд үг хэллээ. Тэрээр халамжийн төрийг ардчилсан төр болгох цаг ирснийг онцолж байв. “Иргэддээ эрх өгөөгүй улс халамжаа нэмдэг. Иргэн эрхгүй, дарга нар эрхтэй тул эрх мэдлээ ашиглаж халамжаа нэмдэг. Иргэддээ эрх өгч байж халамжийн төрийг хална. Одоо жинхэнэ энэ зам руугаа оръё. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжье. Гадаадын улс орнууд иргэддээ эрх өгөх зам руу явж байгаа. Ирэх жилээс орон нутаг мөнгө, хөрөнгийн эрх мэдэлтэй болно. Түүнийг юунд хэрхэн зарцуулахыг орон нутгийн иргэд мэднэ. Гэтэл түүнийг яаж зарахаа иргэд мэдэхгүй, дарга нар эрхээ алдахгүй гэж иргэдээс зугтаж байгаа. Хөрөнгө мөнгө, баялагтай холбоотой асуудлаа иргэд орон нутагтаа шийддэг, төсөвтэй холбоотой асуудлаа орон нутагтаа хэлэлцэж шийддэг,тендэртэй холбоотой асуудлаа орон нутагтаа шийддэг байх юм бол иргэд түүнд оролцоно” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байв.
Ардчиллын эхэнд хөдөө аж ахуйн нэгдлүүдийг хувьчилсан, түүнд иргэд нь оролцож шийдэж байсныг жишээ болгон дурдсан юм. Одоо нэгдэл хувьчилсантай адилаар орон нутагт очиж байгаа мөнгийг иргэд оролцож шийддэг болчихвол шууд ардчиллын бас нэг зарчим хэрэгжинэ гэлээ. Гэхдээ иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд сэтгэл зүй, соёлын талын бэрхшээлүүд бий аж. Дандаа дарга, төлөөлөл нь асуудлыг шийдэж ирсэн учраас иргэд өөрсдөө орон нутгийн төсөв хөрөнгө зарцуулахад шууд оролцоно гэдэг сэтгэлд нь бууж өгөхгүй тал ажиглагджээ. Одоо тэгвэл иргэдийн гаргасан санал санаачлагыг төр, захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллах шаардлага тулгарч байгааг Ерөнхийлөгч анхааруулав.
Уг хөтөлбөрийн төслийг цахим хуудас зэргээр өнөөдрөөс танилцуулж удахгүй өргөн барихаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд нэг байр суурьтай байгаа нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал түлхэж болж байгаа юм байна.
Шууд ардчиллын эхний үр дүн ч гарчээ. Монгол Улс дэлхийд авлигын зэрэглэлээрээ 120 дугаарт байсан бол шууд ардчиллын оролцоог нэмэгдүүлснээр 94 байрт орж урагшилсан байна.