Шууд ардчиллын давалгаа Дарханд

  • Print
Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Хүний эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг өмнө нь нийслэлд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон билээ. Энэхүү сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран арваннэгдүгээр сараас зохион байгуулж эхлээд байна.
“Шууд ардчилал–Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан зохион байгууллаа. Энэ үеэр иргэд өөрсдөө төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн шууд оролцох талаар ярив. Шууд ардчилал хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар наймаас 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Иргэд дөрвөн жилд ганц удаа сонгуульд оролцож төлөөллөө сонгоод л төр засгийн үйл ажиллагаанд түүгээрээ дамжуулж оролцож байгаа хэмээн ойлгодог. Тэгвэл төр, засгийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломж “Шууд ардчилал”-ын зарчмыг хэрэгжүүлснээр бүрдэнэ. 2013 оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Өмнө нь төсвийн наймхан хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол хууль, эрх зүйн шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувь нь тэдний мэдэлдшилжиж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ярилаа. Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн санг байгуулна. Түүнийг захиран зарцуулах, тайлагнах үлгэрчилсэн журам тус Тамгын газар боловсруулжээ.
Сургалтын үеэр лектор Б.Баттүвшин мөнхийн хөдөлгөөнд оршдог ардчилал дараагийн шинэ шатандаа дэвшиж байгааг танилцуулсан бол лектор Д.Цогтсугар монголчууд амьдралын дайсан болсон архи, тамхинаас татгалзаж, элдэв мухар сүсэгт авталгүй эрүүл саруулаар сэтгэн ардчиллаа гүнзгийрүүлэх ёстой хэмээн ярьж байв. Мөн Дархан хотод бага насаа өнгөрөөн дэлхийд данстай тамирчин болох гараагаа эхэлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дарханчууд спиртээс татгалзан спортыг сонгож эрүүл чийрэг иргэд болох ёстойг, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд энэ онд тэмдэглэж буй эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойтой холбоотой сэдвийг хөндөв. Хагас зуун жилийн өмнө Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэснээс болж төр, засгийн удирдах ажилтнууд ажлаасаа хөөгдөж цөлөгдөж, хэлмэгдэж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 850 жилийн ойг тэмдэглэдэг болтлоо ардчилал хөгжөөд буйг тэрээр хэлсэн юм. Ардчилалд эмэгтэйчүүдийн оролцоо их байгааг мөн онцоллоо. Чингис хааны үеэс монгол эмэгтэйчүүд төрийн хэрэгт оролцож байсан, дэлхийн анхны дипломатч эмэгтэй Монголынх байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх уриалгыг НҮБ-д дэвшүүлсэн зэргийг энэ үеэр дарханчуудад сонирхуулав.