Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт

  • Print

Орон нутаг дахь “Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Төв аймгийн Зуунмод сумаас эхлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хүний эрх, эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилгын хүрээнд “Шууд ардчилал – Иргэдийн оролцоо” сургалтыг өнөөдрөөс /2012.11.01/ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж эхэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас орон нутагт зохион байгуулах “Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Төв аймгийн Зуунмод сумаас эхлэв. Цаашид Монгол Улсын бүх аймаг, сумдад зохион байгуулах энэхүү сургалтаар иргэн хүн өөрийн оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэрийн амьдралыг хамтран шийдэхэд хэрхэн оролцох, нийгмийн баялгийн хуваарилалтад иргэдийг яаж оролцуулах талаар болон шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн агуулга, ач холбогдлыг тайлбарлан таниулах болно.
Төв аймгийн Зуунмод хотын иргэд сургалтад идэвхтэй оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж Төсвийн тухай шинэ хуулийн агуулга, өөрчлөлтүүдийг тайлбарлан танилцуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан улс даяар өрнүүлээд буй “Архигүй монголын төлөө хамтдаа” үндэсний аяны соён гэгээрүүлэх ажлын хэсгийн сургагч багш А.Батсайхан “Өөдрөг үзлээр гэгээлэг амьдрахын нууц” гэсэн сургалт явууллаа. Сургалтад хамрагдсан иргэдэд Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Лхагва үндсэн илтгэлүүдэд дурдсан зүйлсийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж болох тухай өөрийн байр сууриа илэрхийлснээр өндөрлөв.
Иргэдийн оролцоотой гаргасан шийдвэр, иргэдийн саналыг тусгасан арга хэмжээ эрсдэлээс зайлсхийх, нийгэмд амар амгалан байдал тогтоох, эдийн засгийн илүү хэмнэлтийг бий болгоход тус дөхөмтэй байдаг юм.